"ХӨХ ӨВСНИЙ ААГ" хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага дөрвөн мөртүүд
Их их өвс
Давалгаалан эрчилнэ
Идэр насны
Даруухан хайранд элгэмсэнэ.
*** *** ***
Хаврын хавартаа
Шувуудын ганганааг анирлан
Хайр нэхэн
Чулуудын шивнээг аргадана.
1994 он
*** *** ***
“Малахын”- их тал
Мичид жилийн зүүд эсгэнэ
Манхан хөх асартаа
Миний багын дуу нисгэнэ
*** *** ***
Борог өвс
Бал шүүсээ асгаж
Босоо төрсөн унагадын
Алтан туурай угаана
*** *** ***
Энэ хаврын цэнхэрлэг аяс
Мөөмөн толгод гоёж гижигдэнэ.
Их талын цэлэлзэх хаяа алс
Мөнгөн зэрэглээ хүлхэж гэрэлтэнэ.
*** *** ***
Зүүн зүгийн сарны гэрэл
Зүсэнд минь үсэнд минь мөнгөрнө
Зүг зүгийн салхины үнэр
Зүрхэнд минь зүүдэнд минь анхилна.
*** *** ***
Газраар мөлхөж гоёдог
Цэцэгсийн салхин
Гань ганихан сэтгэлд
Чиний сураг хэлнэ.
*** *** ***
Бүгээнтэй хэсэг адуу
“Бумбат”-ын ус руу сувдарч дэргэнэ
Бөөн цагаан сүүлэндээ
Цэцэгс аргадасхийн ергөнө
*** *** ***
Хөх өвгөд тухлан
Насны домог хүүрнэнэ
Хөдөөгийн анир сайхан
Найрагчийн зүрх догдолно.
*** *** ***
Үнэн гэгч тэмцэл
Гол зурсан зовлон
Үүний тулд амьдрал
Гоморхол мэт хатуу ч жаргалан.
*** *** ***
Даваа давааны цаана
Дахиад л даваа
Дангийн давуу салхин
Дөхөөд л даваа
*** *** ***
Гань ганихан нойрон дундаа
Өвөр дээр чинь эрвээхэй зурж
Зүүдэллээ
Гэнэ гэнэхэн сэтгэлийн дуундаа
Өвөр дээр чинь өөрийгөө зурж сэрнэ
*** *** ***
Цэцэгсийн бодол үймэрнэ
Газар ижийн сэрүүн зүүдээ
Цээжний бороо үерлэнэ
Гань ганьхан сэтгэлийн нууцаа
*** *** ***
Бодлын алтан царам
Болор салхи цуучина.
Шүлгийн минь хүй цөвлөж
Шөнө дундын үлгэр эхэлнэ.
*** *** ***
Эр хоёрын загалын үүрсээ
Дуншиж сэрнэ.
Эртний гүнж жим
Дуу аргадаж нялхарна.
*** *** ***
Цас мөс шиг хүйтэн агаад
Сэрэхүй зүүд намайг тарчилгана.
Цаг цагийн их эргэлтэнд
Сэтгэлийн цагаан солио хэсүүчилнэ.
*** *** ***
Аядуу аядуухан үлгэр
Хорвоогийн үнэн
Аяа миний
Хоёр биш ганц амин
*** *** ***
Томоо суусан уул шиг хэвлүүн
Хэлгий цагаан толгодын бэлд
Шилэрсэн ингэний оморхол дарж
Хэнзхэн таананы үнэр бууна.
*** *** ***
Энгэр цээжинд
Бурхан сэтгэл оршино
Энэ их орчлон
Буян нүгэлийг минь дэнсэлнэ.
*** *** ***
Дураар сэтгэл минь халамцаж
Бүсгүйн харцанд согтоно.
Дуун түрлэг өргөлцөж
Бүгээн гуниг сэдэрнэ.


Бичлэг тандагч