БИТҮҮ МОРЬД
Говь сүмбэр аймгийн утга
зохиолын нэгдлийн гишүүдэд зориулав.
Бэл ногоорсон дэнжид
Агь хөлрөн цэцэгс өндөлзөнө
Битүү морьдын туурайнд
Чулуу шаргиж нар алдарна
Бүүвэйн дуунд үнэгчилж
Салхи хурган аадар шаагахуй
Бүүдгэр бүүдгэр сэтгэлийн манан сэмэрч
Санаа адган ааг оморхол дэвэрнэ
Битүү морьдын
Уяа сойлго жигдэрч
Бидэрч талын
Уулс намсаж өндөлзөнө
Цугтаа явахын их хүслэнд автаж
Найргийн тэнгэрт одод тэмүүлнэ
Цуутай домгийн алтан жолооноос
Насны гэгээн хүслэн алдуурч холдоно
Задгай салхитай морьдын араас
Улаа нэхэж довтолгоно
Замбуулингийн их тоосон дундаас
Уянгын эгшиг цацлан сэтгэл хөглөнөө.
1994.12.13